Бидний тухай

  1. Төмөр замын тээвэр зуучлал:

Төмөр замын тээвэр нь төрөл бүрийн ширхэгийн сав, баглаа боодолтой ачаа, хэт хэтрүү овортой, урт ачаа, хүнд жинтэй, нурмаг, шингэн, аюултай зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэх боломжтой төдийгүй ачааны бүрэн бүтэн байдлыг найдвартай ханган хамгийн хямд зардлаар тээвэрлэх боломжийг олгодог.

Төмөр замын тээвэрт цистерн, битүү вагон, хагас вагон тавцант болон тусгай зориулалтын бункер, транспортер зэрэг вагоноор ачааг тээвэрлэдэг.       УБТЗ нь ОХУ болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг (ТУХН)-ийн орнуудын нэгэн адил 1520 мм өргөн царигтай замтай учир эдгээр орнуудаас ирэх импортын болон дээрхи орнуудаар дамжин гуравдагч оронд экспортлох ачааг төмөр замаар тээвэрлэхэд тохиромжтой юм.

Монгол улс хэдийгээр далайд гарцгүй, газар зүйн хувьд алслагдмал байрлалтай орон боловч Европ, Азийг холбосон төмөр замын асар өргөн сүлжээ бүхий дэд бүтцийн дунд буюу  ОХУ-ын бүрэн цахилгаанжсан 40.000км төмөр замын сүлжээ,  Транс Азийн төмөр замын сүлжээнд холбогддог нь  Монгол улсаар транзит ачааг  богино хугацаанд тээвэрлэх боломжийг олгодог.
Монголын төмөр замын урт нь ОХУ-ын урд хилээс БНХАУ-ын хойд хил хүртэл нийт 1110 км үргэлжилдэг бөгөөд манай улсын төмөр замын сүлжээг ашиглан олон улсын тээвэр хийхэд бусад чиглэлээс богино хугацаанд, хямд зардлаар тээвэр хийх боломжтой байдаг билээ.

      2.Авто замын буюу холимог тээвэр зуучлал:

Монретранс ХХК нь  хүнд даацын  ачааны автомашинуудаар  авто замын тээвэр хийж байна.  Мөн Эрээн өртөөнөөс  автозамаар импорт болон транзит ачаа тээвэрлэж, Замын Үүд боомтоос вагонд ачуулан явуулж байна.

 

САЛБАР КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Тус компанийн БНХАУ-ын Эрээн салбар компани нь Эрээн өртөөнд буулгалтаас суларсан хувийн эзэмшлийн вагонуудад ачилт хийх, вагонуудын хоосон буцаалтын бичиг баримтыг үйлдэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн автомашинд ачилт хийж импортоор орж ирж буй ачааны Хятад дахь гаалийн бүрдүүлэлтийг хийх зэрэг зуучлалын үйл ажиллагааг явуулж байна.

ОХУ-ын Эрхүү салбар компани нь ОХУ-ын вагон эзэмшигч компаниудтай холбогдон захиалга өгч, ачилтын вагоноор хангах үйл ажиллагаа явуулдаг.

            Хилийн боомтын үйл ажиллагаа:

            Замын- Үүд салбар компани нь БНХАУ-аас төмөр замаар орж ирэн Замын Үүд дэх АБТЭМА (Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги)-аар дамжиж байгаа импортын болон транзит ачааг хүлээн авах, шилжүүлэн ачуулах, тээврийн бичиг баримтын зөрчлийг арилгуулж гаалийн хяналтанд оруулах, зөрчилтэй ачаанд тээврийн болон ерөнхий маягтын акт тогтоолгож зөрчлийг арилгуулах, задгай ачаа, машин техник,тоног төхөөрөмжийг хүлээн авч ачааны цонх, хаалгыг битүүмжлэн ломбодох, бүртгэл бичин  илгээх  зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

БНХАУ-аас  авто замаар орж ирж байгаа чингэлэг, нэг төрлийн ачааг  гаалийн рентгенээр, задгай техникийг  гаалийн хяналтаар оруулж бичиг баримтын бүрдлийг шалган төмөр зам болон авто тээврээр түргэн шуурхай ачуулдаг.

Тээвэр зуучийн үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэхэд тус компаний Замын-Үүд, Сүхбаатар бусад боомтууд дахь төлөөлөгчийн газрын тээврийн төлөөлөгчдийн шуурхай ажиллагаа нь онцгой чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сүхбаатар боомтийн төлөөлөгчид импорт, экспортоор явж байгаа болон транзит ачааны мэдээллийг цаг тухайд нь авч, зөрчилтэй ачаа, бичиг баримтны зөрчлийг арилган ачааг түргэн шуурхай явуулах үүргийг мөн 24 цагийн турш  гүйцэтгэж байна.

Хилийн төлөөлөгчдийн ажлын байр нь интернетийн сүлжээ болон УБТЗ-ын вагон хайлтын системд бүрэн холбогдсон.